Пап XIV Лео, Кардинал Жоржо Маренго болон Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүнийг хүлээн авч уулзлаа.
Пап XIV Лео 10 дугаар сарын 26-ны өглөө Улаанбаатар дахь Апостолик Захиргааны тэргүүн, кардинал Жоржо Маренго болон Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, XXX Хамба номун хан Д.Жавзандорж нарыг хүлээн авч уулзлаа.
«Монгол дахь Католик Шашин болон Монголын Бурхан Шашины сүм хийдийн хооронд яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны чухал харилцаа тогтсонд бид маш их баяртай байна» хэмээн кардинал Маренго Fides агентлагт ярьжээ. «Уулзалт халуун дотно уур амьсгалд боллоо. Пап Леогийн нинжин сэтгэл, өгөөмөр хандлагад бид гүнээ талархаж байна. Ажлын хуваарь нь тун шахуу, мөн бидний мэдэж буйчлан бие нь тэнхэрч байгаа энэ үед ч тэрээр Хамба лам Жавзандоржид өөртэй нь биечлэн уулзах боломж олгохыг хүссэн юм».
«Улаанбаатарын Гандантэгчэнлин хийдийн төлөөлөгчдийг ийнхүү сайхан сэтгэл гарган хүлээн авсан Ариун Эцэгт бид үнэхээр их талархаж байна» хэмээн кардинал нэмж хэлэв. Төлөөлөгчдийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Д.Булган, Гэгээн Ширээт Улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа нар дагалдан иржээ. Мөн Акуйно нутгийн Томас гэгээнтний нэрэмжит Папын их сургуулийн (Angelicum) профессор Томас Каттой төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан байна. Тэрээр тус сургуульд эртний Христийн шашны Тэнгэрбурхан судлал, шашин хоорондын харилцааны чиглэлээр Уильям, Барбара Моран нарын нэрэмжит профессорын албыг хашдаг.
«Нийгмийн сайн сайхан, дэлхийн энх тайвны төлөөх энэхүү хамтын зүтгэл нь Хамба лам Жавзандоржийн Пап Леод өргөн барьсан бэлэгт ч маш сайхан илэрхийлэгдсэн» хэмээн кардинал онцлов. Уг бэлэг нь Хамба ламын зааврын дагуу Гандантэгчэнлин хийдийн дүрслэх урлагийн урчуудын бүтээсэн зураг юм. Зурагт «Монголын болон Алс Дорнодын бусад орны уламжлалд урт нас, мэргэн ухааныг бэлгэддэг» мэргэн өвгөнийг дүрсэлжээ. Түүний хажууд дөрвөн өөр амьтныг бэлгэдлийн утгаар зурсан байна. Кардиналын тайлбарласнаар эдгээр нь «ялгаатай бүхэн нэгдсэнээр хүч болж, амжилт, ирээдүйн итгэл найдвар авчирдгийг» илэрхийлжээ. Бүтээлийг бүхэлд нь монгол хэв маягаар чимэглэж, Гандантэгчэнлин хийдийн гол дуганыг санагдуулах дүрслэл оруулсан байна.
«Ариун Эцэгтэй хийсэн уулзалтын дараа Петр гэгээнтний нэрэмжит дээд сүмд зочилсон нь сүнслэг болон соёлын хувьд бас нэгэн чухал үйл явдал боллоо. Төлөөлөгчид сүмийн ариун орчны гоо сайхныг мэдрэх боломжтой байв. Бид мөн сүмийн дотоод хэсэгт, Петрийн булшны дэргэд түр саатсан» хэмээн кардинал нэмж хэлэв.
Энэ нь Монголын буддын шашны төлөөлөгчдийг Пап хүлээн авсан гурав дахь уулзалт юм. Эхний уулзалт 2022 оны тавдугаар сарын 28-нд болж, Гэгээн Ширээт Улс болон Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Пап Францис Монголын буддын шашны албан ёсны төлөөлөгчдийг хүлээн авчээ. Хоёр дахь уулзалт 2025 оны нэгдүгээр сарын 13-нд болж, Пап Францис Хамба лам Жавзандорж болон кардинал Маренго нарыг хүлээн авсан байна. Түүнчлэн 2025 оны аравдугаар сард Монголын буддын шашны лам нар кардиналын хамт Ватиканы Хоёрдугаар Дээд Хуралдааны «Nostra Aetate» тунхаглалын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцжээ. Уг арга хэмжээнд Пап XIV Лео мөн оролцсон байна.
Гандантэгчэнлин хийдийн гүйцэтгэдэг үүрэгтэй холбон үзвэл энэ удаагийн уулзалт онцгой ач холбогдолтой юм. XIX зууны эхний хагаст байгуулагдсан тус хийд 1990 оны ардчилсан өөрчлөлтийн дараах буддын шашны сэргэлтэд голлох үүрэг гүйцэтгэжээ. Өдгөө тус хийд гүн ухааны гурван дацан болон хурал номын хэд хэдэн дацантай бөгөөд Монголын Бурханы шашны их сургуулийг эрхлэн ажиллуулдаг.
Паптай хийсэн уулзалт нь цаг хугацааны явцад улам бэхэжсэн нөхөрлөл, итгэлцлийн илэрхийлэл мөн юм. Пап Францис 2025 оны хоёрдугаар сард эмнэлэгт хэвтэж байх үед Хамба лам Гандантэгчэнлин хийдийн лам нарын сэтгэл санааны дэмжлэгийг илэрхийлсэн, гарын үсэг зурж, тамга дарсан захидлыг нунцид хүргүүлжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлтээр Папын биеийг эдгэрүүлэхийн төлөөх ном хурлыг тэргүүлсэн байна. Пап Францисыг таалал төгссөний дараа тус хийд түүний хойдын буянд зориулан ном хурж, шинэ Пап сонгогдоход мөн ойр дотно харилцаагаа дахин илэрхийлжээ.
1980 онд төрсөн Д.Жавзандорж нь буддын шашны нэр хүндтэй зүтгэлтэн бөгөөд 2023 оны арваннэгдүгээр сараас Гандантэгчэнлин хийдийн тэргүүнээр ажиллаж байна. Тэрээр 1991 онд хийдэд шавилан сууж, 1998 онд Энэтхэгийн Дрэпүн хийдийн Гоман дацанд суралцахаар явжээ. Улмаар 2001 онд гэлэн сахил хүртсэн байна. 2017 онд Гэлүг уламжлалын эрдмийн дээд цол болох гэвш лхаарамба цолыг хүртэхдээ мянга орчим горилогчдоос тэргүүлжээ. StudyBuddhism цахим хуудасны мэдээлснээр тэрээр дараа нь Гюто дацанд тарнийн номд суралцсан байна.
«Яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа нь Монгол дахь Католик Шашны хувьд амин чухал ач холбогдолтой» хэмээн кардинал Маренго хэлэв. «Ийм уулзалтууд, мөн бидний Монголд өдөр тутам өрнүүлж буй яриа хэлэлцээ, уулзалт, хамтын ажиллагаа нийт нийгэмд эерэг дохио өгч чадна гэдэгт бид итгэлтэй байдаг. Шашны уламжлалууд ийм яриа хэлэлцээнд харилцан оролцсоноор тус бүр нь нийгэмд өөрийн хувь нэмрийг оруулдаг. Ингэснээр тэд энх тайван, харилцан хүндэтгэл, нийтийн сайн сайхны төлөөх үйлсэд тулгуурласан өнөөгийн болон ирээдүйн нийгмийг хамтран бүтээх түншүүд болдог».
Католик Шашин 1992 оноос Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд буддын шашинтай хийх яриа хэлэлцээг эрхэм зорилгынхоо салшгүй хэсэг болгож иржээ. Кардинал Маренго өмнөх тэргүүн Вэнсэслао Падиллагийн нэгэн адил үндэсний болон олон улсын буддын шашны уулзалтуудад тогтмол оролцдог. Тэрээр мөн Монголын шашны гол төлөөлөгчдөөс бүрдсэн, тогтмол уулзалт хийдэг бүлгийн гишүүн юм. Монголын эзэнт гүрний эртний нийслэл Хархорумд Католик Шашин яриа хэлэлцээний төв нээжээ.
Буддын шашин нь Монголд хамгийн өргөн дэлгэрсэн шашин юм. 1992 оны Үндсэн хуулиар төр, шашныг тусгаарласан. Харин 1993 оны Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн уламжлалыг эрхэмлэх үүднээс төрөөс буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэхээр заасан бөгөөд энэ нь иргэд бусад шашныг шүтэхэд саад болохгүйг тодотгосон байдаг.
Монголын түүхчид буддын шашны дэлгэрэлтийг уламжлал ёсоор гурван том үед хуваан авч үздэг. Эхний дэлгэрэлт манай эриний эхний зуунуудад Төв Азиар дамжин явагджээ. Буддын шашин Энэтхэгээс худалдааны замаар Төв Азид хүрч, улмаар Монголын нутагт дэлгэрсэн бөгөөд V зууны орчимд энд байсныг гэрчлэх баримт бий. Хоёр дахь дэлгэрэлт нь Монголын эзэнт гүрний үед Хубилай хаан Төвөдийн буддын шашныг шүтэх болсонтой холбоотой. Гурав дахь дэлгэрэлт XVI зуунд өрнөж, 1578 онд Алтан хан Төвөдийн лам Содномжамцтай холбоо тогтоон, түүнд Далай лам цол өргөсөн үйл явдлаар батажжээ.
Хамба лам Жавзандорж Zindaa.mn цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа Монголын буддын шашны оюун санааны тэргүүн байсан анхдугаар Богд Жавзандамба Өндөр гэгээн Занабазарын (1635–1723) үүргийг онцолсон байна. «Монголын буддын шашны онцлог нь түүний гурав дахь буюу хамгийн сүүлийн дэлгэрэлт манай анхдугаар Богд, Чингис хааны алтан ургийн шууд удам Өндөр гэгээн Занабазартай салшгүй холбоотой байдагт оршино. Түүний удирдлага дор Монголын буддын шашны үндсэн бүтэц бүрэлдэн тогтсон. Өндөр гэгээн Занабазар буддын шашны уламжлалт арван ухаан, ялангуяа урлахуй ухаан, дотоод ухааныг чадварлаг уялдуулж, Монголд дэлгэрэн хөгжихөд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Манай хийдийн сургалтын тогтолцоо, ном судрын орчуулга, түүний тогтоосон лам нарын хувцасны өвөрмөц хэв маяг, бэлгэдлийн баялаг утга, түүнчлэн сүм хийдийн уран барилга, уншлагын аялгуу нь биднийг бусад уламжлалаас ялгадаг» гэж тэрээр хэлжээ.
Монголын буддын шашин «дөрвөн улирал, өргөн уудам газар нутгийн онцлогоор бүрэлдсэн амьдралын хэв маяг, соёлтойгоо уялдан өвөрмөцөөр хөгжсөн» хэмээн Жавзандорж нэмж өгүүлэв. Мөн Монгол нь Буддагийн айлдварын цогц Ганжуур болон Энэтхэгийн мэргэдийн тайлбар зохиолын цогц Данжуурыг бүхэлд нь эх хэлнээ орчуулсан цөөн орны нэг болохыг онцолжээ.
Кардинал Маренго болон Хамба лам Жавзандорж нар аравдугаар сарын 27-ны мягмар гарагт Ассизи хотод болох хаалтын уулзалтад оролцоно. Энэхүү арга хэмжээг Иохан Паул II гэгээнтний 1986 онд санаачилсан Энх тайвны төлөөх залбирлын өдрийн 40 жилийн ойд зориулан Сант-Эжидио нийгэмлэг зохион байгуулж байгаа юм. Пап биечлэн оролцохгүй боловч оролцогчдод илгээлт хүргүүлнэ.
Зохиогч: Marie-Lucile Kubacki
Эх сурвалж: Agenzia Fides
Эх нийтлэл: Энд дарж үзнэ үү
Лиценз: Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0)
Тайлбар: Энэхүү нийтлэлийг эх нийтлэлээс монгол хэл рүү орчуулан нийтлэв.
2026 оны 10 дугаар сарын 26.
