Бидний итгэл бишрэл
Даян дэлхийн католик сүсэг бишрэлтнүүд нь олон янзын соёл, хэл, түүхийг төлөөлдөг юм. Харин энэхүү ялгааг үл харгалзан, биднийг нэг итгэл бишрэл нэгтгэдэг билээ.
Эдгээр нь Ромын Католик шашны гол итгэл үнэмшлүүд юм:
Бид гагц нэг Тэнгэрбурханд итгэдэг — Тэр бол Хайр
Ганц Тэнгэрбурхан буй бөгөөд хайр энэрлийн мөн чанартай. Тэнгэрбурхан хүн бүртэй харилцаатай байхыг таалдаг.
Гурван бодгаль дахь ганц Тэнгэрбурхан
Бид Тэнгэрбурханыг Эцэг, Хүү, Ариун Сүнс буюу Ариун Гурвал гэдгээр мэддэг. “Тэнгэрбурхан бол ганцаардал биш харин төгс нэгдэл” (Пап XVI Бенедикт) ба биднийг энэхүү нэгдэлд урьдаг.
Хүн бүр Тэнгэрбурханы дүр төрхөөр бүтээгдсэн
Хүн бүр салгах боломжгүй эрхэм чанар, үнэ цэнийг тээдэг. Учир нь Тэнгэрбурхан биднийг бүтээж, нэг бүрийг маань онцгойлон хайрладаг.
Тэнгэрбурханы хайр энэрлийг Есүс Христ илчилсэн
Тэнгэрбурханы Хүү Есүс нь хүн болсон. Тэр Өөрийн амьдрал, сургаал, үхэл, амилалтаар дамжуулан Тэнгэрбурханы хайрыг бүрэн харуулж, шинэ амьдралын замыг нээж өгсөн.
Ариун Сүнс бидний дотор оршдог
Ариун Сүнс бол Тэнгэрбурханы амьсгал ба амь. Ариун угаал ёслолоор өгөгдсөн Ариун Сүнс биднийг дотроос маань хүчирхэгжүүлж, чиглүүлж, өөрчлөн шинэчилдэг.
“Элч нарын Итгэл бишрэлийн тунхаг” бидний итгэлийг илэрхийлдэг
Загалмайтны шашны хамгийн эртний итгэл бишрэлийн тунхаглалуудын нэг болох “Элч нарын Итгэл бишрэлийн тунхаг” нь дэлхий даяарх католик сүсэг бишрэлтнүүдийн тунхаглан хүлээн зөвшөөрдөг итгэлийн суурь үнэнүүдийг нэгтгэн товчилдог.
Бидний амьдрал дахь Тэнгэрбурханы оршихуйг тамгалан үлдээдэг үндсэн ёслолууд
Католик сүм долоон үндсэн ёслол үйлддэг. Энэ бол Тэнгэрбурханы өршөөл хайр үзэгдэхүйц болж буй агшнууд юм. Дохио тэмдэг, үг хэл, бэлгэдэл тус бүрээр дамжуулан үндсэн ёслол нь бидний амьдрал дахь Тэнгэрбурханы үйл хэргийг таньж мэдэхэд тусладаг.
Ариун угаал ёслол нь биднийг Тэнгэрбурханы хүү охид болгохоос гадна энэ дэлхий дээрх болон биднээс өмнө халин одсон итгэгчидтэй нэгтгэж, “Гэгээнтнүүдийн нэгдэл”-д багтаадаг.
Сүсэг бишрэлээ үйл хэрэг болгон амьдрахад дуудагдсан
Католик сүсэг бишрэлтнүүд Тэнгэрбурхантай тогтоох харилцаагаа залбирал, мөргөл болон өдөр тутмын хайр дүүрэн үйлсээрээ дамжуулан гүнзгийрүүлдэг. Бидний сүсэг бишрэл зөвхөн сүм дотор бус, харин бие биетэйгээ хэрхэн харьцаж буйгаар маань илэрч байдаг.
Хүний амь амьдралын төрөлхөөс заяасан эрхэм чанар
Католик шашны нийгмийн сургаал нь бидэнд хэрхэн шударга бөгөөд энэрэнгүй амьдрахыг ойлгоход тусалдаг. Энэхүү сургаалын гол цөм нь хүн бүрийн амь амьдрал ариун нандин бөгөөд түүнийг хамгаалж, хүндэтгэх ёстой гэсэн итгэл үнэмшил юм.
Бид томилогдсон
Ариун угаал ёслолд орсон хүн бүр Сайн Мэдээг бусадтай хуваалцах дуудлагатай. Католик сүсэг бишрэлтнүүд энэрэнгүй сэтгэл, шударга ёс, уучлал, ядууст үзүүлэх үйлчлэл болон Айлдлын Сайн Мэдээг өөрийн амьдралаар гэрчлэх замаар Христийн хайр энэрлийг дэлхий ертөнцөд түгээхээр уригдсан байдаг.
