2026 оны Пасторал долоо хоног эв нэгдэл болон шинэчлэгдсэн томилгооны уур амьсгал дор өндөрлөлөө
“Монгол дахь Католик шашин: Хишиг ивээл ба Томилгоо” сэдвийн хүрээнд “Христ дотор хамтдаа байгуулагдаж байна” уриан дор зохион байгуулагдсан 2026 оны Пасторал долоо хоног дөрвөн өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.
Мисионер, шашны сургалтын багш, сүмийн эгэл итгэгчид болон Апостолик Захиргааны Тэргүүн зэрэг бүх түвшний төлөөллүүд хамтдаа дугуй ширээний ярилцлагад оролцож, Монгол дахь Католик шашны өнөөгийн нөхцөл байдлыг тунгаан ярилцаж, итгэл бишрэлийн гэрэлд өөрсдийн бодит байдлыг эргэцүүлэн харсан үйл ажиллагаа ийнхүү үр дүнтэй болж өндөрлөв.
Итгэл найдварын уур амьсгал дор өндөрлөж, Монгол дахь Католик шашны томилгоо ба пасторал үйл ажиллагааг бэхжүүлэхийн төлөө даатган залбирч, ялган таньж, үзэл бодлоо хуваалцсан үнэ цэнтэй өдрүүдийг ардаа үлдээлээ. Кардинал Жоржо Маренго хаалтын үеэр “Бид энэ уулзалтаас юуг авч буцах вэ?” хэмээн асууж, хамтдаа цуглах нь зорилго бус, харин Тэнгэрбурханы дуудлагыг илүү гүн танин мэдэх зам гэдгийг онцоллоо.
Энэ удаагийн Пасторал долоо хоногийн гол онцлох үг нь “харилцаа” хэмээн Кардинал Жоржо онцлон бидний хоорондын харилцаа, Тэнгэрбурхантай харилцах харилцааны чухлыг санууллаа.
Тэрээр мөн сүмийн амьдралыг чиглүүлэх дараах дөрвөн чухал хэмжээсийг онцоллоо. Үүнд:
- Сүнслэг буюу оюун санаа
Сүнслэг орон зай бол бидний суурь юм. Есүс Христ “Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд” хэмээн айлдсанчлан бид салангид мөчир байж болохгүй. Энд хамтдаа цугларч буй бидний шалтгаан ч мөн Тэнгэрбурхан билээ. Хувь хүний залбирлын амьдрал болон сүмийн хамтын залбирлын амьдралын чухлыг эргэн санацгаая. Бид Христ дотор хамтдаа байгуулагдаж буй хүмүүс гэдгээ онцлон хуваалцлаа. - Буяны ажил
Есүстэй тогтоосон харилцаагаа нийгэмд харуулдаг орон зай бол буяны ажил юм. Хайр халамжийг түгээж, Тэнгэрбурханы хязгааргүй хайр энэрлийг бодитоор харуулах боломж нь буяны ажил байдаг. Итгэл бишрэл маань буяны ажилтай холбогдохгүй бол энэ нь дутуу байгаагийн нэг илрэл гэдгийг онцоллоо. Мөн аливаа зүйлийг хариу нэхэлгүйгээр, чин сэтгэлээсээ бусдад туслах нь чухал гэдгийг айлдлаа. - Соёл
Өдөр тутмын амьдралд байнга тохиолддог нэг зүйл бол соёл юм. Соёлын ялгаа болон соёлын шоктой бид үргэлж нүүр тулдаг. Иймээс монгол соёл, ахуй амьдралын талаар илүү анхаарч, судалж, суралцах хэрэгтэйг санууллаа. - Боловсрол
Өөрсдийгөө хөгжүүлэх, мэдлэгээ сайжруулах, тасралтгүй суралцахын чухлыг Пасторал долоо хоногийн турш онцлон ярилцсан. Мөн суралцах, мэдлэгээ өргөжүүлэх тал дээр хамтдаа анхаарахыг уриаллаа.
Цаашлаад энэ удаагийн Пасторал долоо хоногийн үеэр хэлэлцүүлсэн асуудлуудыг баримт бичиг болгон боловсруулж, сүмүүдэд тараах бөгөөд сүмүүдээс ирсэн санал, дүгнэлтэд үндэслэн дахин боловсруулалт хийх юм. Үүний дараа энэ оны сүүлээр дахин уулзалт зохион байгуулж, эцсийн баримт бичгийг гаргахаар төлөвлөж байна. Тус баримт бичиг нь ирээдүйн сүм болон пасторал үйл ажиллагааны чиглэлийн үндэс суурь болох юм.





