ШАШНЫ ХАРИУЦЛАГАТНЫ ЗАХИДАЛ 2026
Надад алт мөнгө байхгүй. Гэхдээ өөрт байгаа зүйлээ чамд өгье. Назаарын Христ Есүсийн нэрээр бос, тэгээд алх» (Үйлс 3:6)
Итгэл найдварын Жүбили жил ийн өндөрлөлөө. Энэ нь итгэл бишрэл, дагалдагчийн замнал, улмаар томилгоонд өсөн тэлэх завшаан дүүрэн, эрчимтэй жил байв. Бид Тэнгэрбурханы оршихуй хийгээд ахан дүүсийн нөхөрлөлөөс мэдэрсэн үнэт туршлагаа өвөртөлсөөр, Монгол дахь Католик шашны хувиар өөрсдийн танигдахуй ба томилгоог эргэцүүлэнгээ ахин нэг ивээлийн жилтэй учран золгож байна. Бид дөнгөж анхны алхмуудаа хийж буй “залуу” Сүм тул энэхүү онцлогоо харгалзан, Элч нарын үйлс номд дүрслэгдсэн эхэн үеийн Сүмийн туршлагаас урам зориг авч, өөрсдийгөө хөглөхийг эрмэлзье. Сүмийнхээ “бүрэлдэн тогтох” цаг үед амьдарч байгаа бидэнд анхны дагалдагчдын нэгдэл нөхөрлөлийг харж, тэдний сонголт буюу үйл хөдлөлөөс суралцаж, даган хэрэгжүүлэх нь нэн чухал юм.
Ялангуяа Элч нарын Үйлс номын 3:1-10 эшлэлд анхаарлаа хандуулна уу хэмээн урья:
¹Петр, Иохан хоёр залбирлын цаг болох есдүгээр цагийн үеэр Өргөөнд очихоор явлаа. ²Тэнгэрбурханы Өргөөний “Үзэмжит” гэгдэх их үүдний хавьцаа төрөлхийн суунги нэгэн хүнийг өдөр бүр авчирч суулган, тэр хүн Өргөө рүү орогсдоос гуйлга гуйдаг байжээ. ³Тэрээр Петр, Иохан хоёрыг Өргөө рүү ирж явахыг хараад, гуйлга гуйсанд, ⁴тэр хоёр түүнийг тогтож харлаа. Тэгээд түүнийг “Наашаа хар” гэхэд, ⁵өнөө хүн тэднээс ямар нэг юм авах нь хэмээн горьдож, тэр хоёрыг анхаарав. ⁶Петр “Надад алт мөнгө байхгүй. Гэхдээ өөрт байгаа зүйлээ чамд өгье. Назаарын Христ Есүсийн нэрээр чи [бос, тэгээд] алх” гэж хэлээд, ⁷өнөөх хүний баруун гараас барьж, өндийлгөсөнд түүний хөл, шагай тэр дороо чангараад ирэв. ⁸Тэр хүн үсрэн босож зогсоод, алхалж байснаа, тэдэнтэй хамт Өргөө рүү явж ороод, дэвхцэн цовхчин, Тэнгэрбурханыг магтав. ⁹Ард олон Тэнгэрбурханыг магтан алхаж яваа түүнийг хармагцаа ¹⁰Өргөөний “Үзэмжит” гэдэг их үүдний дэргэд гуйлга гуйж суудаг хүн мөн болохыг танив. Тэгээд түүнд тохиолдсон явдлын учир бүгд гайхширал, алмайралд бүрэн автлаа.
Энэхүү хэсэгт Пэнтикостын өдрөөр төрөн гарсан итгэл нэгт хамт олны анхны үйл хэргийн тухай өгүүлдэг. Уг үйл явдал нь Сүм өөрийн томилгоог хэрхэн биелүүлэхээ мэдэрсэн тэр охь ухаарал буюу ирээдүйн бүх үйл ажиллагааны үндсэн загвар болох нягт утга санаа, гүн гүнзгий бэлгэдлийг агуулж байдаг.
Бичвэр нь дараах үндсэн гурван тэнхлэг дээр тулгуурлан бичигджээ:
- Петр, Иохан нарын сүм рүү чиглэсэн хөдөлгөөн болон тэнд төрөлхийн суунги хүнтэй уулзаж буй хэсэг.
- Өвчтэй эртэй хийсэн харилцан яриа
- Олны хариу үйлдэл. (Үүнд өнөөгийн уншигчид болох бидний хариу үйлдэл ч мөн багтана)
Тэнгэрлэг уншлага
- (эшлэл 1-3) Петр, Иохан нар Иерусалимын сүм рүү очсон нь эхэн үеийн итгэгч хамт олон тухайн цаг үеийн Иудаизмын тогтмол залбирлын уламжлалыг хадгалан үлдсэний шинж юм. Тэнд, бараг л сүмийн босгон дээр нь, нэгэн өвчтэй хүнийг, нарийн хэлбэл, хөл дээрээ зогсох чадваргүй, суумгай эрийг дамжлан авчирдаг байсан гэж өгүүлдэг. Түүнд нэр байхгүй, ердөө л “нэгэн хүн” гэж тэмдэглэсэн нь бэлгэдлийн үнэ цэнийг бидэнд ойлгуулж байгаа юм. Энэ нь бид ч байж болно… Түүний нөхцөл байдлыг туйлын идэвхгүй төлөв гэж тодорхойлж болно: Тэр тэнд гуйлга гуйхаар өдөр бүр хүргүүлж ирдэг нь үнэндээ өрөөлөөс хамааралтай амьдралыг илтгэнэ. Түүний хэн бэ гэдэг нь тэрхүү төлөв байдалдаа бүрмөсөн гацчихсан мэт харагдана. Тэрбээр зан үйлд ариун бус гэх шалтгаанаар (Иудаизмын хуулиар) сүмд нэвтрэх боломжгүй байв. Энэ нь түүнийг Тэнгэрбурхантай тогтоох харилцаанаас тусгаарласан мэт, үгүй гэхэд тэр өөрийгөө тийнхүү мэдэрдэг байжээ. Түүний хувьд бусад хүмүүс ердөө л ашиг хонжооны эх үүсвэр, боломжит өглөгийн эзэд аж. Харц нь ашиг сонирхол, хэрэглээнд л чиглэж байв. Тэр байтугай Петр, Иохан нарын өмнө хүртэл ийм л байсан.
- (Эшлэл 4-8) Петр, Иохан нар түүнийг тогтож харлаа. Тэд харц солилцох аж: Суумгай эр тэднийг ямар нэгэн зүйл гуйн ширтэж байхад, элч нарын хамаг анхаарал өнөөх сүмийн гадна биеэ хумин суух түүн дээр төвлөрч байв. Сүм нь бий болсон цагаасаа эхлэн нийгмээс гадуурхагдсан, орхигдсон хүмүүс рүү хараагаа чиглүүлж ирсэн билээ. Энэ бол өвчтэй эрийн өөртэй төвлөрөн, өөр зүйлийг харах чадваргүй болтлоо дассан хэвшлээс хөндийрүүлж буй тийм л харц юм. Петр, Иохан нар түүнд хандан, ердөө хэдэн зоос олох гэсэн горьдлогоор бус, харин жинхэнэ харилцаа тогтоохын тулд өөрсөд рүү нь харахыг хүссэн. Энэ мөчид Петр шууд түүнд тэрхүү маш чухал үгсийг хэлдэг: “Надад алт мөнгө байхгүй. Гэхдээ өөрт байгаа зүйлээ чамд өгье. Назаарын Христ Есүсийн нэрээр чи [бос, тэгээд] алх”. Петр ийнхүү хүчин мөхөс язгуур байдлаа тунхагладаг. Чухам үүгээрээ бид Христ Эцэгтээ бүхнээ даатгаж, загалмай дээрх золиослолоо гүйцэлдүүлсэн тэрхүү есдүгээр цаг дээр ирдэг. Элч нар өөрсдийн жинхэнэ хүч чадал Багшийнх нь онцгойлон захиж, базаахгүй байхыг сануулсан элдэв нөөцөнд бус, харин тэдний хүчин мөхөс байдал хийгээд Тэнгэрбурханд бүхнээ даатгах сэтгэлд оршдгийг мэддэг байв (“Замд юу ч битгий авч яв. Таяг ч, богц ч, хүнс ч, мөнгө ч, илүү цамц ч битгий ав” харьц. Лук 9:3). Петр, Иохан хоёрт юу ч байхгүй. Гэвч чухам үүнийхээ ачаар тэд эрх чөлөөтэй ба өөрсдөд нь бүх зүйл бий гэдгийг мэдэж байлаа. Учир нь тэд хайрлагдсан хөвгүүд, бие биедээ ахан дүүс нь бөгөөд хүмүүсийг бүрэн сөхрөлтөөс өндийлгөн босгохоор Амилсан Христээр илгээгдсэн. Үнэхээр ч тэдний урилга “Назаарын Христ Есүсийн нэрээр чи [бос, тэгээд] алх” билээ. Христийн нэр тэдний цорын ганц баялаг юм. Дараах үйлдэл нь хэлсэн үгийг нь баталдаг: Петр “түүний баруун гараас нь барьж, босгов”. Энэ бол (босгох) амилалтын үйл үг юм. Инсэснээр тэр хүн бусад амьд бүхнээс ялгарах эрхэм чанар, оюун санааны босоо тэнхлэгээ олж авдаг. Төрөлхийн муу шагай нь одоо түүнийг тулж чадахаар болж, тэр баяр хөөртэй сүмд оров. Эцэст нь тэр амьдралдаа Тэнгэрбурхантай уулзаж чадлаа. Энэ бол баярын бүжиг байлаа: түүнийг дүрслэхдээ “дэвхцэн цовхчин” гэсэн нь Иоханы Сайн Мэдээний айлдалд итгэлээр замнагсдын зүрхэнд “оргилох” амьд усыг дүрслэхэд ашигласан үг юм.
- (эшлэл 9-11) Үүнийг харсан хүмүүс асар ихээр гайхан биширцгээв. Тэд түүнийг өмнө нь хүн бүрийн мэддэг байсан өнөөх эр мөн болохыг таниад, болж өрнөсөн гайхамшгийг ойлгон ухаарав. Тэр ажиглагчдын оронд одоо бид зогсож байна. Бид түүхэн цаг үеийнхээ өнөөдрийн өрнөл дунд Судрыг уншиж буй хүмүүс билээ. Өмнө нь хэн байснаа таньж, өнгөрсөн үеэ хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ Сүмээс бидэнд уриалж буй тэрхүү өөрчлөлт рүү хамтдаа зорин тэмүүлэх шийдмэг байдал чухал. Мөнөөх эдгэрсэн хүн “Петр, Иохан хоёроос салахгүй дагахад”: Анхны сүсэгтэн хамт олонтой ийнхүү учирсан нь түүнд Амилсан Нэгэний жинхэнэ гэрчүүд болох Элч нараас чанга атгаж, тэдэнтэй ямагт нэгдмэл байхын чухлыг ойлгуулсан юм.
Өнөөгийн байдалд хэрэгжүүлж болох бодит алхмууд
Үйлс номонд өгүүлсэн эл үйл явдлыг одоо өөрсдийн бодит байдал дээр буулгаж үзэцгээе. Үнэндээ бид ч ялгаагүй ижилхэн томилгоонд дуудагдсан. Иерусалим дахь анхны итгэл нэгт хамт олон бүрэлдэж байсан тэр цаг үетэй адил Монгол дахь Сүм маань одоо л төрөн мэндэлж байна. Судрын энэ хэсгийг бясалгах явцад тунгаан бодууштай хэд хэдэн үндсэн асуулт төрнө. Бичвэрийн утгад нэвтрэх тусам хэсэг бүрээс нь аяндаа урган гарах эдгээр асуулт нь дотогш, өөрийн мөн чанар руу өнгийх замд чиглүүлэх бөгөөд бид тэр замыг чин үнэнээр, зоригтой туулах учиртай юм. Энэ нь бидний урд хүлээж буй эмзэг атлаа нарийн үйл хэргээ улам бүр ухамсарлахын тулд билээ.
- Юуны өмнө, бид бусадтай учрахдаа тэдэнтэй ямар байр сууринаас ханддаг вэ? Өрөөлийн харцыг ойлгон мэдэрч, үнэнээрээ байж чаддаг уу? Бидний нүд ахан дүүсийнхээ үнэн нөхцөл байдлыг харж чаддаг уу, эсвэл хэвшмэл ажлууддаа дарагдан, бусдад чин сэтгэлийн анхаарал хандуулах сөхөөгүй байдаг уу?
Бидний нүд ч бас хүнийг зөвхөн үүрэг, ашиг тусынх нь үүднээс явцууруулж харах харалган байдалд нэрвэгдэх нь бий. Хэн нэгэнтэй уулзахдаа энэ хүн бидэнд юугаараа хэрэгтэй вэ гэж тэр даруй бодох талтай. Ийм ч шалтгаанаар, зарим хүмүүс Монголд байр сууриа олж эхэлж байсан тэрхүү байгууллагаас ямар нэгэн зүйл “олж авах” сэдлээр анх Сүмд хөл тавьсан байж болох юм. Гэвч дараа нь, Сүмд зөвхөн ашиг хонжоо хайж ирдэг байх нь өнөөх суумгай эрийн адил хүнийг жинхэнэ бүрэн дүүрэн утгаар амьдруулах бус, идэвхгүй хүлээлт дунд гацаан үлдээдгийг ойлгож ухаардаг. Би сүмд багшлах эсвэл бусад ажилд туслахдаа эцэст нь надад ямар нэгэн зүйл өгнө гэсэн сэдлээр ханддаг уу, аль эсвэл миний амьдралыг өөрчилсөн тэр итгэлийг бусад хүмүүс ч бас таньж мэдэн, гүнзгийрүүлээсэй гэсэн эрмэлзлээр өөрийн “үйлчлэл” болгон амьдарч байна уу?
Миссионерүүдийн нүд хүртэл хаяа манантаж болох талтай. Энэ нь бусдыг манай байгууллагын үзүүлэх ёстой гэж үзсэн үйлчилгээнд хамрагддаг идэвхгүй хүлээн авагчид мэт харах, мөн тэдгээр үйлчилгээний зайлшгүй хэрэгцээ, эсвэл үр нөлөөг үнэлэхэд шаардагдах ялган таних байдал дутсанаар илэрдэг. Гэвч нөгөө талаас, анхны миссионерүүд энэ нутагт хөл тавьсан цагаасаа л зовж зүдэрсэн нэгнийг хайрлан халамжлахыг эн тэргүүний үйл хэрэг болгосоор ирснийг эргэн санах нь Монгол дахь Католик Сүм хийдийн хувьд бахархууштай хэрэг билээ. Тэр л анзааргатай, халамжтай харцнаас хөгжлийн олон олон төслүүд соёолон нахиалж, өнөөдөр миссионерүүд болон тэдний хамтран зүтгэгчдийн өдөр тутмын хичээл зүтгэлийн ачаар урт хугацааны томоохон үйл хэрэг болон цэцэглэжээ. Бид эдгээр төслийн үр шимийг хүртэж буй хүмүүсийнхээ нүд рүү эгцлэн харж, тэдний дэргэд даруухнаар алхан, хувьсан өөрчлөгдөх хэрэгцээ бүрт нь нийцүүлэн ажиллаж чадаж байна уу? Эсвэл бид эдгээр ажил үйлсийг гүйцэтгэх явцад анхны санаа сэдэл маань механик дадал, ядрал цуцалтын өнгөрт дарагдснаа хүлээн зөвшөөрч байна уу?
- «Надад алт мөнгө байхгүй. Гэхдээ өөрт байгаа зүйлээ чамд өгье. Назаарын Христ Есүсийн нэрээр чи [бос, тэгээд] алх» Энэ бол удаан тунгаан бодох ёстой асуулт юм. Миний Сүм рүү тэмүүлэх шалтгаан нь түүний санхүүгийн тогтвортой байдалд татагдсаных уу, эсвэл Тэнгэрбурхан болон итгэл нэгт ахан дүүстэйгээ чин сэтгэлийн харилцаа тогтоохыг эрмэлзсэнийх үү? Миссионерүүдийн хувьд асуулт ийм байж болох юм: Хүмүүс Христтэй уулзахыг хүсэн хүлээж байгааг, мөн Тэр намайг тэдэн рүү ядуу бөгөөд хамгаалалтгүй илгээснийг би ухамсарлаж байна уу, эсвэл энэхүү томилгоогоо биелүүлэхдээ Тэнгэрбурханы өмөг түшгээр өөрт минь олгогдсон нөөц бололцоонд илүү найддаг уу? Заримдаа бид томилгоогоо бусдаар гүйцэлдүүлж байна уу гэмээр санагдана: Тэнгэрбурханы Үгийг тунхаглах, хүмүүнийг сонсох зэрэг угтаа та бидний биечлэн гүйцэтгэх ёстой үндсэн үүргийг ажилтнууд төлөөлөн гүйцэтгэж, та бид төдийлөн оролцолгүй өнгөрөх нь бий. Үүний үр дүнд, хэрэв бид өөрсдөдөө үнэнч хандвал, ариун ёслолуудаас эхлээд Сүмийн аливаа үйл ажиллагаан дахь бидний оролцоо төдийлөн идэвхтэй биш, нэг л тогтмол бус байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болно. Манай Эвхарист ёслолуудад, ялангуяа ажлын өдрүүдэд ирж буй хүмүүсийн тоо маш цөөн төдийгүй хүрэлцэн ирэгсдийн дийлэнх нь ажилтнууд байгаа нь анзаарагдах болов…
Манай Сүмийн өнөөгийн байдлыг ажвал бидэнд барилга байгууламж дутагдаагүй нь илт харагдана. Тэдгээр бүтэц бүрийн цаана ялган таньсан шийдвэр, өгөөмөр золиос, хичээл зүтгэл, сэтгэл ханамж, мөн түүнчлэн түгэн дэлгэрсэн сайн үйлсийн сэтгэл хөдөлгөм түүх бий. Суурь бүтцүүд байна, гагцхүү бид тэдгээрийн дотор хэрхэн оршиж, хэрхэн амилуулж байна вэ? Эдгээр бүтэц нь Есүс Христээр дамжих Тэнгэрбурханы нигүүлслийг улам бүр бодитоор мэдрүүлэх Сүмийн томилгоонд тусалж байна уу, эсвэл эсэргээрээ ачаа дарамт болон хувирч, тэрхүү томилгоогоо биелүүлэхэд саад учруулан, эрчийг нь сааруулж мэдэх санаа зовнил болоод байна уу? Заримдаа бидний сэтгэлгээгээр эхлээд барилга байгууламж байх ёстой, түүний дараа л дотор нь орших хамт олны нэгдэл нөхөрлөл бүрэлдэх ёстой мэт санадаг… Гэтэл Сүм хийдийн туулж ирсэн замнал эсрэгээр аж. Эхлээд нэгдэл нөхөрлөл төрөн гарч, тухайн үедээ олдож байсан хамгийн эгэл жирийн газруудад цуглардаг байв. Улмаар хамт олон өсөн тэлэхийн хэрээр илүү тохиромжтой орон зайг бүрдүүлэхийн тулд барилга байгууламжтай болох хүнд ачааг (санхүүгийн ачааг ч) өөрсдийн хүсэл зоригоор үүрч ирсэн билээ. Элч нарт юу ч байгаагүй хэдий ч сүсэг нэгтнүүдийн нөхөрлөл бат бөх үндэслэж, соёолон нахиалж, тооны хувьд ч өсөн нэмэгдсэн юм. Чухам энэ л түүхэн онцлог биднийг бодоход хүргэж байна.
Эхний хэдэн зууны турш сүсэгтэн ахан дүүс нэгнийхээ гэрт цуглардаг байв. Энэ нь Сүмийн хэллэгээр “гэр сүм” (domus ecclesiae) байлаа. Тухайн үед хавчлага шахалтын улмаас тэдэнд өөрийн гэсэн барилга байгууламж байсангүй. Харин эртний нийгэмд сүсэгтнүүд ил тод оршин тогтнох тодорхой хэмжээний эрх чөлөөтэй болмогцоо өөрсдийн мөргөлийн барилга байгууламжийг цогцлоож эхэлсэн бөгөөд тэдгээр нь орчин нөхцөлийн ялгааг үл харгалзан, маш удаанаар өөрийн гэсэн нийтлэг хэв шинжийг бүрдүүлсэн байдаг. Гэвч үүнээс өмнө олон зууны турш сүсэгтнүүдийн амьдрал тэдний хувийн орон гэр дэх эгэл даруу орчинд л өрнөж, өсөн төлөвшиж ирсэн билээ. Асуудлын гол зангилаа нь хэрэгцээ шаардлага нь хэдийн тодорхой болсон эдгээр бүтцийг үгүйсгэхдээ бус, харин итгэл нэгт хамт олны бэхжин төлөвших жам ёсны үйл явц болоод хүмүүст хүрч буй нийгмийн үйлчилгээнийхээ мөн чанарыг эн тэргүүнд хүндэтгэхэд оршиж байгаа юм.
Үүнээс гадна, бидний анхаарвал зохих амьдрал дээрх нэгэн шалгуурыг энд дурдах нь зүйтэй. Барилга барих ажлыг нэг талаас санхүүгийн боломжтой үедээ зориглон эхлүүлж болох ч, түүний ашиглалт болон тэнд өрнөх үйл ажиллагааны зардлыг ч мөн харгалзан үзэх ёстой юм. Монгол дахь Католик шашны хувиар бидэнд буй олон бүтэц байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангахад бид хэр их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг билээ! Зарим тохиолдолд энэхүү зүтгэл нь туйлдмаар хүнд болох нь бий. Улмаар бид эрүүл мэндээ эрсдэлд оруулаад зогсохгүй, үйл ажиллагаагаа татан буулгах, эсвэл нутаг буцахаас өөр аргагүй хязгаартаа тулсан нөхцөл байдалд ордог. Магадгүй бид томилгооныхоо арга барилаа дахин нягтлах шаардлагатай болов уу. Учир нь бидний дуудлага бол уулзсан хүн бүрийнхээ эрхэм чанарыг өргөн сэргээх билээ. Тиймдээ ч бид бүхий л хүмүүст, нэн ялангуяа зовж шаналж буй хүмүүст тусламжийн гар сунгах ариун үүрэгтэй. Ариун угаал хүртсэн хүн бүрийн томилгоо бол зовлон зүдгүүрт сөхөрсөн эсвэл амьдрал нь утга учраа алдан цөхөрсөн хүмүүст амилалт ба эдгэрлийн зэмсэг болоход оршино. Энэ бол хэзээ ч мартаж үл болох хамгийн язгуурлаг томилгоо юм. Хамгийн гол нь, бидний энэхүү томилгоо нь бүтэц байгууламжаа авч явах гэсэн ажил хэргийн механик шинжтэй асуудлын сүүдэрт дарагдан бүдгэрэх ёсгүй билээ.
- Эцэст нь Иерусалимын сүмийн “Үзэмжит” гэгдэх их үүдний дэргэд байсан хүмүүсийн хандлагыг ажвал, тэд нүднийх өмнө нь тохиолдсон гайхамшгийг гайхан алмайрч, бахдан биширч байлаа. Сүсэгтэн олон хийгээд миссионерүүд бидний амьдралд ийм бишрэл ба магтаал хэр орон зай эзэлдэг вэ? Сүсэгтэн, миссионер гэлтгүй хэн бүгдийг Христийг дагаж, Түүнийг гэрчлэх зам мөрд нь өсгөн төлөвшүүлдэг, тасралтгүй өрнөдөг тэрхүү итгэлийн гайхамшгийг бидний нүд олж хардаг уу? Итгэлийн замаар дөнгөж алхаж эхэлж буй хүмүүс эрч хүчээр дүүрэн, оргилуун тэмүүлэлтэй байдаг. Энэ тэмүүлэл нь тэдэнд эрс өөрчлөлтийн явцад тохиох аливаа сорилтыг даван туулах хүч өгдөг. Гэвч тэдний хөл тавьж буй хамт олны дунд итгэл алдарсан, сэтгэлээр унасан байдал зонхилж, эсвэл бүр дотоод зөрчил тэмцэл, үл ойлголцол ноёрхож байвал тэрхүү гал эрмэлзэл нь удалгүй замхарч, зориглон эхлүүлсэн замаасаа няцахад хүрч мэднэ. Тиймээс бид бүгд үүн дээр эргэцүүлэн асуух хэрэгтэй: Манай сүмийн хамт олон, итгэлийн гэр орон маань шинээр ирэгсдийг халуун дулаанаар угтан авдаг нээлттэй орчин байж чадаж байна уу? Эсвэл ердөө л ая тухын төлөө хүмүүсийг ялгаж сонгодог, эсвэл бүр үл тоомсорлон түлхдэг хаалттай хүрээ болон хувираа юу? Бид үүнд ч мөн чин шударгаар хандаж, дотоод ухамсраа цэгнэх учиртай. Итгэл нэгт хамт олны маань өсөн тэлэлт удаан байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалж болох бөгөөд бидний гол зорилго ч зөвхөн тоон үзүүлэлт биш билээ. Гэвч үнэндээ, шинээр ирэгсдийг татан оролцуулах, эсвэл янз бүрийн шалтгаанаар хөндийрсөн хүмүүсийг эргэн ирэхэд нь дэм болохуйц халуун дулаан, найрсаг орчныг бүрдүүлж чадаагүй маань бидний хариуцлага ч байж мэднэ. Библийн энэ хэсгийн төгсгөлийн дүр зурагт нэгэн анхаарал татах зүйл байгаа нь дөнгөж эдгэрсэн мөнөөх эр Петр, Иохан нараас салж үл зүрхлэн дагаж буй явдал юм. Олон жил өвчин зовлонд шаналж, бусдын гар харан амьдарсан тэр хүн эцэстээ хөл дээрээ бат зогсох тэнхээтэй болсон тул ийнхүү талархан дагах сэтгэгдэл төрөх нь зүй ёсны билээ. Гэвч элч нар өөрсдийгөө энэхүү гайхамшгийн гол баатрууд биш гэдгээ даруй тодотгож, эдгэрсэн эр болон тэнд байсан хүмүүст тэднээс хараат бус байх нэгэн гүн гүнзгий эргэцүүлэл рүү хөтлөн чиглүүлдэг. Паул, Барнаб нар ч мөн адил, саа өвчтэй хүн гайхамшигтайгаар илаарьшсанд баярлан хөөрч, өөрсдийг нь Хермес, Зевс бурхдын хувилгаан хэмээн эндүүрсэн олныг ятган зогсооход хүрч байв. Өөрөөр хэлбэл, элч нар өөрсдийнх нь хэврэг өчүүхэн байдал дотор Амилсан Эзэний хүч оршиж буйг сайтар ухамсарлаж байлаа. Тиймээс тэд хүмүүсийг өөрсдөөсөө хамааралтай болгож үлдээлгүй, харин үнэнхүү зууран түшиж болох цорын ганц Нэгэн буюу Христ рүү үргэлж чиглүүлдэг билээ.
Тэгвэл бид өөрсдийн удирдан чиглүүлж буй хамт олонтойгоо хэрхэн харилцаж байна вэ? Тэрхүү харилцаанд өөрийгөө дөвийлгөх үзэл давамгайлж байна уу эсвэл тайван тогтуун, төлөв даруу ангижсан сэтгэл байна уу? Миссионерүүд солигдох үед уур амьсгал хурцадмал болох тохиолдол цөөнгүй. Тэднийг өөр газар руу шилжихэд гардан гүйцэтгэж байсан үйлс нь бүхэлдээ нуран унах мэт санагдах нь бий. Гэвч угтаа бол зөв суурьтай эхлүүлсэн ажил хэн нэгэн хувь хүнээс үл хамааран хэвийн үргэлжлэх учиртай билээ. Бидний саяхан тунгаасан Библийн тэрхүү хэсэгт бас нэг сургамж буй нь: хүмүүсийг өөртөө хамааралтай болгохыг бус, харин тэдний жинхэнэ сайн сайхны төлөө эрх чөлөөг нь үлдээж, бүхий л оршихуйгаараа Христийг дагахад нь урам зориг хайрласан элч нарын даруу сэтгэл, талбиу ухаан юм.
Төгсгөлд
“Иэхүдааа, Галил, Шомроон даяар чуулган амар тайван босгон байгуулагдаж, Эзэнээс эмээн амьдарч, Ариун Сүнсээр тайтгаран зоригжсоор улам олуулаа болж байлаа” (Үйлс 9:31). Энэхүү тэмдэглэл нь Үйлс номд Паулын эрс өөрчлөлтийн тухай өгүүлсний дараа бичигдсэн байдаг. Тухайн цаг үеийн Сүмийн нөхцөл байдал тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байлаа. Амилсан Эзэн тэдний дунд оршиж буйг гэрчлэх гайхамшигт илрэлүүд хөвөрч байсан ч, нөгөө талаас тэдний аян замыг амар тайван, шулуун дардан байх нөхцөл үл олгох сорилт бэрхшээлүүд давалгаалсаар байв. Гэсэн хэдий ч Пэнтикостын өдрөөр айдсаа ялан дийлж мэндэлсэн тэрхүү хамт олон улам бүр өсөн тэлж, батжин нягтарч, үндэс сууриа гүнзгийрүүлсээр байлаа.
Тэдний замнал бол бидний итгэл найдвар юм. Олон хүний нөр их зүтгэл, золиос дундаас мэндэлж, сорилт бэрхшээл, мөхөс байдлыг туулж ирсэн мөртэй бидний хайртай Монгол дахь католик Сүм өнөөдөр үндэс сууриа гүн бэхжүүлэхийг эрмэлзэж байна. Энэ онд бясалгахаар сонгосон Библийн эшлэлээс урган гарах эдгээр асуултууд нь зүгээр нэг эргэцүүлэл төдий бус юм. Харин “Синод” Сүмийн хувиар хамтдаа урагшлах бидний замд гэрэл гэгээ болж, үнэ цэнтэй ухаарлууд авчрах болно. Тэдгээр нь ирэх жилийн шашны хариуцлагатны захидлын суурь болж, Сүмийн маань цаашдын амьдралыг чиглүүлэх бодит удирдамж болон амилах учиртай.
Иймээс тэр бүхнийг бодит ажил хэрэг болгоход хувь хүн бүрийн тууштай бөгөөд хариуцлагатай оролцоо нэн чухал юм. Тэнгэрлэг Эх Мариагийнхаа элбэрэлт харцны ивээл дор, үндэстнүүдийн гэрэл болох Христ рүү тэмүүлж буй энэхүү эргэцүүлэл хийгээд тасралтгүй шинэчлэлийн аян замдаа нэгдмэл байцгаая. Бидэнтэй улам ойртохын тулд дүр нь (баримал) хогийн цэгээс олдох хүртлээ өөрийгөө даруу болгохоос татгалзаагүй Мариа Эх маань бидний хүн нэг бүрийн төлөө зуучлан залбирч, биднийг Хүү Есүс рүүгээ зөөлөн хөтөлж, Түүний баяр баясалт, зоригтой гэрчүүд байхад туслах болтугай.
