«НАЙДВАР» ТЭТГЭЛГИЙН САНГИЙН ОЮУТНУУД, ХАНДИВЛАГЧИД УУЛЗЛАА
2026 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр «Найдвар» (HOPE) тэтгэлгийн сангийн оюутнууд болон хандивлагчдын уулзалт Улаанбаатар дахь Апостолик Захиргааны байранд боллоо.
Уулзалтад тэтгэлэгт хамрагдаж буй нийт долоон оюутнаас дөрөв нь, мөн таван хандивлагч оролцов. Энэ үеэр хандивлагчид өөрсдөө ч тэтгэлэг авч байсан дурсамжаасаа хуваалцаж, өдгөө залуусыг дэмжих хөтөлбөрт нэгдээд буйгаа ярив. Тэд оюутнуудыг ирээдүйд бусдад тусалж чаддаг сайн хүмүүс болоосой хэмээн хүсэж байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр уншиж танилцуулсан Жо Юн Гён Катарина хатагтайн захидалд Монгол орон, ард түмэнд хайртай байсан талийгаач хүү Ким Хан Иоханы дурсгалыг мөнхлөх гэсэн гэр бүлийнхээ хүслээс энэхүү санг байгуулах санаа төрснийг өгүүлжээ. Гэр бүлийнхэн нь хүүгийнхээ дурсгалтай хамт Монгол дахь Католик Сүмийн үйлчлэлд амьдралаа зориулсан Хамба лам Вэнсэслао Падилла, санваартан Ким Сон Хён Стефан нарын үйл хэргийг мөн дурсан хүндэтгэхийг хүссэн байна.
Захидалд дурдсанаар, Кардинал Жоржо Маренгогийн онцгой анхаарал, олон санваартны даатгал залбирлын хүчээр «Найдвар» тэтгэлгийн сан үүсэн байгуулагджээ. Улмаар олон хандивлагч чин сэтгэлийн оролцоогоор энэ үйлсэд нэгдсэн байна.
Тус санг Апостолик Захиргаа эрхлэн ажиллуулж, оюутнуудыг суралцахад нь дэмжлэг үзүүлдэг. Энэ хүрээнд 2024–2025 оны хичээлийн жилд таван оюутанд, 2025–2026 оны хичээлийн жилд долоон оюутанд тэтгэлэг олгосон бол 2026–2027 оны хичээлийн жилд мөн долоон оюутныг дэмжин ажиллаж байна.
Катарина хатагтай захидлынхаа төгсгөлд тэтгэлэгт хамрагдаж буй залуус хүсэл зорилгодоо хүрч, хожим өөрсдийнхөө араас суралцах дүү нараа дэмждэг болоосой хэмээн ерөөжээ.
Мэдээ бэлтгэсэн: Ч. Хүслэн
