ЭМГЭНЭЛ Фр. Роберт Гооссенс (CICM) 1928–2026
Монголын ариун хөрсөнд тулгын гурван чулуу мэт түшилцэн, нэгэн сэтгэл, нэгэн санаагаар Католик шашны үрийг тарьж, Монголын ард түмний дунд итгэл найдвар, энэрэл хайрын гэрлийг түгээн дэлгэрүүлсэн анхны шашин дэлгэрүүлэгчдийн нэг, эрхэм хүндэт Фр. Роберт Гооссенс (CICM) маань 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Тэнгэр Эцэгийнхээ гэрт дуудагдан, Христ доторх мөнхийн амьдралд одлоо.
Фр. Роберт Гооссенс 1928 онд Бельги Улсад төрсөн бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдийг Япон Улсад өнгөрүүлэн, 97 насандаа Их Эзэндээ буцан очжээ.
Тэрээр 1992–2002 онд арван жилийн турш Монголын ард түмний дунд Христийн сайн мэдээг тунхаглан, Тэнгэрбурханы энэрэл хайр нигүүлслийг үг, үйлдлээрээ гэрчилж явсан билээ. Монголын өргөн уудам нутагт өөрийн ахан дүүсийн хамт зүтгэн, Католик шашны анхны суурийг тавилцаж, олон хүний зүрх сэтгэлд итгэлийн үрийг тарьсан үнэнч үйлчлэгч байлаа.
2012 онд Монгол дахь Католик шашны 20 жилийн ойн баярт хүрэлцэн ирж, Монголын ахан дүүстэйгээ дахин уулзсан нь түүний Монгол оронд хийсэн сүүлчийн айлчлал болсон юм.
2026 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Япон Улс дахь CICM-ийн ахан дүүс Фр. Роберт Гооссенсийн оршуулгын мөргөлийг үйлдэж, түүний амьдрал, үйлчлэлийн төлөө Тэнгэрбурханд талархан, түүний сүнсийг Эзэний нигүүлсэлд даатган залбирлаа.
Монголын нутагт түүний тарьсан итгэлийн үр, түгээсэн Христийн хайр, гэрчилсэн найдвар нь Монгол дахь Католик шашны амьдралд үргэлжлэн дэлгэрэх болтугай.
Фр. Роберт Гооссенсийн гэр бүл, төрөл төрөгсөд, CICM-ийн ахан дүүс, хамтран зүтгэж байсан бүх хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье.
Мөнхийн гэрэл гэгээ түүнийг мөнхөд гийгүүлэх болтугай
Апостолик Захиргаа
