ТӨВ АЗИЙН КАТОЛИК ХАМБА НАРЫН ЗӨВЛӨЛИЙН V НЭГДСЭН БАГА ХУРАЛ БОЛЖ ТЭРГҮҮНЭЭР КАРДИНАЛ ЖОРЖО МАРЕНГО СОНГОГДЛОО.
2026 оны 4 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд Ташкент хотноо Төв Азийн католик хамба нарын зөвлөлийн V нэгдсэн бага хурал боллоо. Уг уулзалтад Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Монгол, Азербайжан улсын хамба нар болон төлөөлөгчид оролцов.
Бага хурлын үеэр тохиосон онцлох үйл явдлаас:
- Нэгдсэн хурлын нээлтийн үеэр хамба нар болон төлөөлөгчид Пап XIV Леогийн энхийг тогтоох хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлж, дайн дажин, шударга бус явдлын улмаас зовж буй хүмүүсийн төлөө залбирлаа.
- Чуулганы үеэр оролцогчид үйлчлэлийн туршлагаа хуваалцан, орон нутгийн сүмүүдэд тулгарч буй сорилтуудыг хэлэлцэж, сүсэгтэн олны итгэл найдвар, баяр баясгаланг дэмжихэд хамтран ажиллахаа онцлов.
- 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус Бага Хурлын удирдах хэсгүүдийн сонгууль боллоо. Сонгуулиар Кардинал Жоржо Маренго Бага Хурлын тэргүүнээр, хамба Хосе Луис Мумбиела Сиерра Дэд тэргүүн, хамба Евгений Зинковский Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус сонгогдлоо.
- Мөн 4 дүгээр сарын 18-нд Төв Азийн католик сүмийн удирдлагууд Ташкент дахь Узбекистаны Исламын соёл иргэншлийн төвд зочилж, шашин хоорондын ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдлыг тэмдэглэлээ.
- Төв Азийн католик сүм хийдийн удирдлагууд нийт сүсэгтэн олондоо хандан шударга бус дайн дажинд нэрвэгдэж буй ард түмнүүдийн төлөө залбирахыг уриалж, тэднийг Цэвэр Охины зуучлалд даатган, хүн төрөлхтөнд энх тайвныг хүсэж буйгаа илэрхийллээ.
