Энэрэл нигүүлслийн өргөө

Энэрэл нигүүлслийн өргөө нь орон гэргүй, ядуурал болон өвчин зовлонд нэрвэгдсэн иргэд, гэр бүлүүдэд туслах зорилготой Монгол дахь хүмүүнлэгийн төв юм. Улаанбаатар хотод тулгамдаж буй нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, Католик сүм хийдийн зүгээс хүмүүст энэрэнгүй сэтгэлийн бодит үйлчлэл үзүүлэх чин хүслийн илэрхийлэл болгон тус төвийг 2022 онд байгуулсан юм. Улмаар 2023 онд Пап Францис Монгол улсад хийсэн Төрийн айлчлалынхаа үеэр энэхүү өргөөг адислаж, үйл ажиллагааг нь албан ёсоор нээсэн түүхтэй. 

Өнөөдөр тус өргөө нь амьдралын хүнд хэцүүг туулж буй хүмүүст хайр халамж, өмгөөлөл хамгаалал, хүний ёсны эрхэм чанараа мэдэрч болох орон зайг бүрдүүлснээрээ зовж зүдрэгсдийн дэргэд байх Сүмийн үүрэг амлалтын бодит илэрхийлэл болон оршиж байна. 

Өргөө нь орон гэргүй иргэдэд зориулсан халуун хоол унд, анхан шатны эмнэлгийн тусламж, нийгмийн халамж үйлчилгээ зэрэг хүрч үйлчлэх хөтөлбөрүүдээрээ дамжуулан хотын хамгийн тулгамдсан, ээдрээтэй асуудлуудад хариу үзүүлэн ажиллаж байна. Түүнчлэн зөвхөн наад захын хэрэгцээнд хязгаарлагдалгүй, эмзэг бүлгийнхэнд тулгардаг сэтгэл санаа, сэтгэл зүй болон нийгмийн бодит асуудлуудыг цогцоор нь харж үйлчлэхийг зорьдог.   

Энэрэл нигүүлслийн өргөө нь хүмүүнлэгийн ажлаас гадна, олон талт хамтын ажиллагааны идэвхтэй зангилаа цэг болон хөгжиж байна. Энд сүмийн сайн дурынхан, залуучуудын бүлгэм, нарийн мэргэжилтнүүд, орон нутгийн удирдлагууд болон бусдад туслах чин хүсэлтэй сайн санаат хүмүүс нэг зорилгын дор нэгддэг. Энэхүү хамтын ажиллагааны амин сүнс нь хүн бүрийн эрхэм чанарыг хүндэтгэх болон нигүүлсэхүй сэтгэлд суурилсан, элэгсэг дотно хамт олныг бүрдүүлж буй явдал юм. 

Тус өргөө нь энэрэл нигүүлслийн томилгоогоо чиг болгон, хүмүүсийн зовлон зүдгүүрийг нимгэлээд зогсохгүй, тэдэнд итгэл найдвар төрүүлж, өөртөө итгэх итгэлийг нь сэргээх, улмаар илүү аюулгүй, нэр төртэй ирээдүйд хүрэх замд нь түшиг тулгуур болохыг эрмэлздэг. Хэрэв та энэхүү үйл хэргийг дэмжихийг хүсвэл, бидэнтэй холбогдож, хэрхэн оролцох талаар мэдээлэл аваарай.

Scroll to Top