Пасторын захидал 2024
Хайрт ахан дүүс ээ,
Эзэний хишиг ивээлийн нэгэн шинэ жилд амьдрахаар бэлтгэж буй бид Пап Францисын манай улсад айлчилсан өдрүүдийг одоо ч нүдэндээ харж, сэтгэлдээ тээсэн хэвээр байгаа. Бид ховор тохиох басхүү чухал энэ үйл явдлаар ямар их адислалыг хүртсэн билээ! Тиймээс түүний хэлсэн үг мөн түүнчлэн үйл хөдлөл яг таг бидний ухамсрын гүнд нэвтэрч шашны хариуцлагатны болон шашин дэлгэрүүлэлтийн хувьд аль замаар явахыг маань зааварчлах болтугай хэмээн би өөрийн эргэцүүллийг бус 2023 оны 9-р сарын 2-нд Гэгээн Петрийн Залгамжлагчийн бидэнд хандаж хэлсэн үгс рүү буцан ирэхээр боллоо. Манай Катедралд түүний хэлсэн үг бол Петр элчийн шашны сургаал номлолын эрх мэдлийн нэгэн чухал хэсэг юм. Түүний бидэнд хэлэхийг хүссэн зүйлийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлдэг байхын тулд онцгойлон Улаанбаатар дахь түүний апостолик айлчлалын дараах энэ жилд бид түүний хэлсэн үгс рүү анхаарлаа төвлөрүүлж, оюун ухаанаа дайчилж, хайр дүүрэн хандлагаар буцан очиж байхаас өөр аргагүй юм. Папаас ийм тухайлан зориулсан сургаал авч баясан байгаа орон нутгийн Католик шашин дэлхийд цөөхөн байдаг. Тиймээс үүнийгээ байнгын шашны хариуцлагатны эргэцүүллийнхээ сэдэв болгох үүрэг болоод баяр баясал бидэнд бий.
Тиймээс би эх бичвэрийг уншихад илүү хялбар байлгах зорилгоор зарим тэмдэглэгээнүүдийг санал болгосон бөгөөд доторх сэдэв сэдвийнх дагуу хажууд нь гарчиг өгсөн. Бичвэрийн төгсгөлд та бүхэн хэдэн асуултууд олж харах бөгөөд эдгээр асуултыг париш бүр, шашны бүлэг нухацтай хүлээн авч хувийн ба нийтийн эргэцүүллийн мөчүүдэд сэдвээ болгож үүгээр бүтэн жилийн турш хуваалцлын цагууд гаргаж байна уу хэмээн урьж байна. Ингэснээр бид Ариун Эцгийн бидэнд дамжуулахыг хүссэн зүйлд зохистой анхаарал тавих ба энэ нь Пап өөрийн биеэр адислахаар ирсэн Шашны аян замыг үргэлжлүүлэх урам зориг байх болно.
Энэ 2023 онд бид өөрсдийгөө Цэвэр Охин Мариад даатган тушаасан бөгөөд тэрээр онцгой байдлаар биднийг даган түшиж ирсэн билээ. Та биднийг Хүү Есүстэйгээ улам бүр хувийн гүн харилцаанд байлгахад хөтлөн дагуулах бидний жинхэнэ Ээж бас Эгч байх болтугай. Түүнд бид Мөнх хөх тэнгэрийн оронд баяр хөөр, горьдол найдвараар алхаж яваа хүмүүс болон Тэнгэрбурханы ард түмэн болохынхоо хувьд өөрсдийгөө даатгацгаая.
Христ доторх та бүхний ах дүү,
Кардинал Жиоржио Маренго, Ай Эм Си
Апостолик Тэргүүн
