Кардинал Жоржо Маренго: “Христ төвтэй байх”-ыг уриалан 2026 оны Пасторал долоо хоногийг нээлээ
2026 оны Пасторал долоо хоногийн нээлтийн үеэр Кардинал Giorgio Marengo Монгол дахь Католик сүмийг залбирлын амьдралаа гүнзгийрүүлж, өнөөгийн нөхцөл байдлаа хамтдаа ялган танин, сайн мэдээний илгээлтдээ үнэнч байхыг уриаллаа.
Тэрээр Тэнгэрбурханы Үг бол Сүмийн амьдралын үндэс бөгөөд жинхэнэ ялган танихуй нь залбирал, Эзэнийг сонсох дотоод хандлагаас эхэлдэг гэдгийг онцлов.
Мөн Гэгээн Паулын Ефесчүүдэд бичсэн захидлыг тайлбарлахдаа Сүм бол хүний санаачилга бус, харин Христ хэмээх тулгийн чулуу дээр Тэнгэрбурхан Өөрөө байгуулж буй ариун хамтын нөхөрлөл гэдгийг санууллаа.
“Хэрэв бид энэ удаагийн Пасторал долоо хоногоос зөвхөн нэг үнэнийг зүрхэндээ хадгалж чадвал тэр нь ‘Христ төвтэй байх’ явдал юм” хэмээн Кардинал Giorgio Marengo онцоллоо.
Тэрээр мөн Монгол дахь Католик Сүмийн түүхэн замналыг талархан дурсаж, 1992 онд ирсэн анхны миссионерууд, ялангуяа анхны хамба лам Wenceslao Padilla болон Монгол дахь Католик Сүмийн төлөө амьдрал, үйлчлэлээ зориулсан бүх миссионеруудыг хүндэтгэлтэйгээр дурсан санав. Түүнчлэн бүх сэтгэлээ зориулан үйлчилсэн хүмүүсийн нэг болох Фр. Ким Стефаныг онцгойлон дурслаа.
Өнөөдөр Монголын нийгэм шинэ сорилтуудтай нүүр тулж буй энэ үед Католик Сүм даруу байдал, ахан дүүсийн нөхөрлөл, итгэл найдварын замаар алхсаар байгааг тэрээр тэмдэглэв.
Мөн Монгол дахь Католик Сүм Төв Азийн хамба лам нарын бүс нутгийн хамтын ажиллагаатай нэгдмэл холбоотой байгааг, түүнчлэн шашин хоорондын яриа хэлэлцээ болон төрийн байгууллагуудтай тогтоосон нөхөрлөлийн харилцаа үр жимсээ өгсөөр байгааг онцоллоо.
Пасторал долоо хоног нь залбирал, тунгаан бодохуй, хуваалцахуй болон хамтын ялган танихуйн цаг байж, Ариун Сүнсний удирдамж дор ирээдүй өөд итгэлтэйгээр хамтдаа алхахыг уриалж байна.
“Өнөөгийн Монгол дахь Католик шашны нөхцөл байдлыг итгэл бишрэлийн цацраг дотор толидан харах нь” гэсэн зорилгын дор Фр. Жакомагийн удирдлагаар үр өгөөжтэй, амжилттай зохион байгуулагдаж байна.
