Бид хэн бэ
Монгол дахь Католик шашин нь 1,500 гаруй сүсэгтэн олонтой, жижиг боловч өсөн нэмэгдэж буй хамт олон юм. 1992 онд “Мариагийн Цэвэр Ариун Зүрх” (C.I.C.M.) бүлгэмээс анхны гурван миссионер болох Венсеслао Падилла, Роберт Гөссенс болон Гилберт Сэйлс гэх эцэг санваартнууд Монгол улсад хүрэлцэн ирсэн юм. Өнгөрсөн 33 жилийн хугацаанд миссионерууд болон орон нутгийн итгэгчид хамтдаа залбирал, үйлчлэл болон зочломтгой соёлд суурилсан Монгол дахь Католик шашныг цогцлоохын төлөө ажилласаар ирлээ билээ.
Бидний хувьд сүм гэдэг нь бол хүмүүс цуглан итгэл бишрэлийн талаар суралцах, шинэ найз нөхөдтэй болох, ядууст үйлчлэх болон нэг нэгнээ дэмжих орон зай юм. Есүс Христ болон Сайн Мэдээний Айлдлаар дамжуулан бидэнд илчилж буй үнэнийг илүү гүнзгий танин мэдэхийг хүссэн хэн бүхэнд бидний үүд хаалга үргэлж нээлттэй.
Бид таныг манай үйл хэрэгтэй танилцаж, итгэлийн замналд хамт алхан, итгэлээ улам бүр гүн бат болгохыг урьж байна.
БИДНИЙ ТОМИЛГОО
Сайн Мэдээний гэрчүүд байх
Бид залуу сүмийн хувьд даруу төлөв, баяр баясалтай, нээлттэй сэтгэлээр Сайн Мэдээг үнэн бодитоор гэрчлэн амьдрахыг эрмэлздэг. Бид Христийн хайрыг хүн бүрт, тэр дундаа энэхүү итгэл бишрэлтэй анх удаа учирч буй хүмүүстэй хуваалцахыг чухалчилдаг. Ингэхдээ шашны сургаал, залбирал болон үндсэн ёслолуудаар дамжуулан сүсэгтэн олноо Тэнгэрбурхантай улам ойртон, итгэлээ гүнзгийрүүлэхэд нь хамтдаа алхаж, түшиг болохыг хичээдэг.
Ядууст үйлчлэх
Монгол дахь Католик шашин оршин тогтносон цагаасаа эхлэн ядуус болон нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслах үйлсэд тууштай зүтгэсээр ирсэн билээ. Бид Христийн нигүүлсэнгүй сэтгэлээс үлгэрлэл, ядуурал, гадуурхал болон амьдралын хүнд бэрхшээлд өртсөн хүмүүст гараа сунган ажилладаг. Манай сүм хийдүүд болон нийгмийн төслүүд нь түр орон байр, боловсрол, эрүүл мэндийн тусламж үзүүлж, хүний эрхэм чанарыг дээдэлсэн олон боломжуудыг бүрдүүлэхийг зорьдог. Учир нь Сайн Мэдээг түгээн дэлгэрүүлэх жинхэнэ үйл хэргийг нигүүлсэнгүй хайрын бодит үйлсээс салгах боломжгүй гэдэгт бид итгэдэг.
Үүний нэгэн бодит жишээ бол “Энэрэл нигүүлслийн өргөө” төсөл юм. Та үүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, хэрхэн оролцох боломжтой талаар танилцахыг хүсвэл энд дарна уу.
Хамт олон болж өсөн төлөвших
Бид зочломтгой байдал, сүсэг нэгт нөхөрлөл болон харилцан дэмжлэгээр тодорхойлогдох хамт олныг бүтээхээр дуудагдсан хүмүүс билээ. Бид сүмд залбирах, үйлчлэх болон Христийн дагалдагчийн хувьд хамтдаа өсөн төлөвшихөөр цуглардаг. Бид сүмийн гишүүн бүрийг сүмийнхээ амьдралд идэвхтэй оролцож, гүн бат итгэлтэй, эрч хүчээр дүүрэн католик хамт олон болох хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
