Гэрлэлийн үндсэн ёслол
Католик Шашин дахь Гэрлэлт
Христийн шашны гэрлэлт гэж юу вэ?
Католик Шашинд гэрлэлт гэдэг нь хуулийн зохицуулалт, хувийн амлалтаас илүү зүйл байдаг. Энэ нь ариун нандин гэрээ бөгөөд эр, эм хоёр Тэнгэр Бурханд өөрсдийн хайрыг өргөн барьж, тухайн хайраа өөрчлөгдөн, шинэчлэгдсэн байдлаар хүлээн авдаг шашны ёслол юм.Энэхүү шашны ёслолд Христ Эзэн гэрлэгсдийн харилцаанд нэгдэж, тэдний хайранд Өөрийгөө нэгтгэдэг. Тухайн цаг мөчөөс эхлэн тэдний нэгдэл Тэнгэр Бурханы хайрын адил ёс журамт, амь бэлэглэгч, хувиршгүй энэрэл хайрын амьд илэрхийлэл болон хувирдаг.
Христээр илчлэгдсэн энэрэл хайр
Бид Тэнгэрбурханы дүр төрхийн адил бүтээгдсэн боловч энэхүү нууц байдал нь зөвхөн Есүс Христээр тод илэрхийлэгддэг. Түүний дотор Тэнгэрбурхан өөрийн дүр төрхийг шингээн энэрэл хайрын жинхэнэ утга учрыг илчилдэг.Пап Францис сургаалт өгүүлснээр:
Зөвхөн Христийн тухай тунгаан бясалгахад хүний ёсны харилцааны тухай гүн гүнзгий үнэн олж мэддэг. (Аморис Лаетитиа, 77)
Гэрлэсэн хосууд Христ рүү хамтдаа харахыг суралцах бөгөөд Түүгээр өөрсдийн хайрыг төлөвшүүлж, өсөлт хөгжлийг нь чиглүүлэн, амьдралын үе шат бүрд Түүгээр тэтгэгддэг.
Гэрлэлтийн үндсэн ёслолын үед юу болдог вэ?
Гэрлэгсдийн хуримын өдөр шинэ бөгөөд гүн гүнзгий үйл явдал өрнөдөг. Гэрлэгсэд Христийн өмнө ирж, өөрсдийн харилцаагаа Түүнд өргөн барина. Үүний хариуд Христ Ариун Сүнсний билигт хишгээр уламжлан тэдний хайрыг ариусган адисалж, Өөрийгөө тэдний нэгдэлд холбодог. Ингэснээр гэрлэгсдийн хайр зөвхөн тэднийх байхаа больж Шашны хайрлах Христийн хайрыг билэгдэнэ.
Ариун судар бидэнд үүнийг сануулдаг:
“Энэ нууц нь агуу юм. Гэвч би Христ ба чуулганы тухайд ярьж байна..” ( Ефес 5:32)
Иймээс гэрлэлт нь зөвхөн хүмүүний бодит байдал бус, харин Тэнгэрлэг хайранд оролцох оролцоо юм.”
Хишиг ивээлийн бэлэг
Гэрлэлтийн үндсэн ёслолоор дамжуулан гэрлэгсэд нь онцгой хишиг ивээлийг хүлээн авдаг. Ариун Сүнс тэдэнд зөвхөн хүний хүчээр бус энэрэн хайрлах шинэ чадварыг өгч, харин Христийн Өөрийгөө зориулсан энэрэл хайрыг тусгасан хайраар хайрлах боломжийг олгодог. Ариун II Иохан Паул сургаалд өгүүлснээр:
“Эзэний асгаруулдаг Сүнс нь шинэ зүрхийг өгч, эрэгтэй, эмэгтэй хүнийг Христ биднийг хайрласан адил бие биеэ хайрлах чадвартай болгодог.” (Фамилиарис Консортио,13)
Энэхүү хишиг ивээл нь тэднийг бэрхшээлийн цаг үед хүчирхэгжүүлж, тэдний нэгдлийг гүнзгийрүүлэн бататгаж, тэвчээр, уучлал, болон үнэнч байдлын дотор өсөж хөгжихөд нь тэднийг дэмжин чиглүүлдэг.
Үндсэн ёслолоор амьдрах
Гэрлэлт нь хуримын ёслолоор дуусгавар болдог зүйл биш юм. Тухайн цаг мөчөөс эхлэн гэрлэгсэд нь өөрсдөө дэлхийд Христийн оршихуйг илэрхийлэх амьд бөгөөд мөнхөд үргэлжлэх бэлэг тэмдэг болдог. Өдөр тутмын амьдрал—гэр орон, баяр баясгалан ба саад бэрхшээл, жирийн цаг мөч бүр нь Христийн амьд оршиж буйг илэрхийлэх илэрхийлэл болж байдаг.
Пап Францис айлдахдаа:
“Гэрлэгсдийн амьдрал нь… ‘литургийн хэлний зогсоож үл болох үргэлжлэл болдог.’” (Аморис Лаетитиа, 215)
Энэрэл хайрын томилгоо
Гэрлэгсдийн хайр нь зөвхөн хувийн хүрээнд үлдэхээр зориулагдаагүй. Үндсэн ёслолоор дамжуулан гэрлэгсэд нь Христийн хайрыг дэлхийд ил харагдахуйц болгох томилгоог хүлээн авдаг. Гэр бүлийн амьдралдаа, бусадтай харилцах харилцаандаа горьдол найдвар, үнэнч байдал, өөрийгөө зориулсан хайрын бэлэг тэмдэг болдог.
Пап Францис айлдахдаа:
“Христийн шашны гэрлэлт нь… Христийн өөрийн Шашин хайрладаг тэр хайрыг бодит байлгадаг.” (Аморис Лаетитиа,, 73)
Сүр жавхлант нууц
Гэрлэлтийг “сүр жавхлант нууц” хэмээн нэрлэдэг нь Христ, Шашин хоорондын гүн гүнзгий хайрыг тусган харуулдагтай холбоотой. Энэ нь ёс журамт, насан туршийн, хишиг ивээлээр дүүрэн хайр юм. Энэхүү нууцад гэрлэгсэд бие биеэ таньж мэдэхийн зэрэгцээ Тэнгэрбурхан тэдний амьдралд хэрхэн оршиж буйг олж мэддэг.
Гэрлэлтийн үндсэн ёслолд бэлдэхээр сонирхож буй хүмүүс өөрийн харьяа сүмтэй холбогдож, санваартантай уулзан зөвлөгөө авахыг зөвлөж байна.
