Ассиси хотод энх тайвны залбиралт уулзалт боллоо

Италийн Ассиси хотод 9 сарын 18-20-ны хооронд «Энх тайвны цангаа. Шашнууд ба соёлуудын яриа хэлэлцээр» сэдвээр энх тайвны төлөөх залбирлын өдрүүд болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээ нь Пап II Иохан Паул асны санаачлагаар 1986 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхий дээрх шашны тэргүүн нар бие биентэйгээ учран золгож энх тайванд нэгэн дуу хоолойтой байгаагаа илэрхийлдэг сайхан бөгөөд чухал ач холбогдол бүхий үйл явдал болдог.

9 сарын 20-ны өглөө Пап Францис Ассиси хотод хүрэлцэн ирж дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн шашны тэргүүн нартай биечлэн мэндчилсэнийхээ дараагаар тэд бүгд дайны гамшигт нэрвэгдсэн улс орнуудаас ирсэн дүрвэгсдийн бүлэгтэй хамт өдрийн зоог барьсан юм. Үүний дараагаар Пап Францис шашны тэргүүн, төлөөлөгч нартай ганцаарчлан уулзжээ.

Энэ өдрийн хамгийн гол үйл ажиллагаа болох залбирлыг шашны төлөөллүүд тус бүрнээ тусгай газруудад үйлджээ. Харин Пап Францис болон Христийн бусад сүмийн тэргүүн болон төлөөлөгчид хамтдаа Францис гэгээнтний дээд сүмийн дотоод дуганд экүмэникал залбирал үйлдсэн юм.

Хаалтын үйл ажиллагаан дээр Пап Францис шашны бусад төлөөлөгчдийн хамтаар хүлээн зөвшөөрсөн тунхаг бичгийг уншиж танилцуулсан юм.

Тунхаг хүсэлт /Appeal/

Ялгаатай шашин шүтлэгтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс бид эргэл мөргөлчид адил Францис гэгээнтний хотод хамтдаа цугласан байна. 1986 онд гучин жилийн өмнө Пап II Иохан Паул асны урилгаар энд энх тайвнаас харагддаг сайн сайхан болоод шашны жинхэнэ хандлага хоёрын салшгүй холбоог бататгах үүднээс дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шашны төлөөлөгч нар нэгдэн цуглаж анх удаа маш олон хүнийг хамруулсан дээд хэмжээний уулзалт болж байсан билээ.

Тэрхүү түүхэн арга хэмжээнээс нэгэн урт эргэл мөргөл эхэлсэн. Тэр нь олон хотуудад хүрч, олон сүсэгтнүүдийг энх тайвны яриа хэлэлцээр болон залбиралд татан оролцуулсан. Мөн шашин хоорондын бат бөх нөхөрлөлийг бадрааж багагүй зөрчил маргааныг дарахад хувь нэмрээ оруулан ялгаатай байдлыг нь үгүйсгэлгүйгээр нэгтгэсэн. Дайн, алан хядлагыг зөвтгөх шашны хүчирхийллийн ямар ч хэлбэрийг эсэргүйцэн зогсох, яриа хэлэлцээрт уулзалтыг бодит болгох нь бидний гол санаа зорилго юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилүүдэд олон ард түмэн дайны уршгаар зовлон амсаж шархалсан. Дайн дэлхийд шаналал, үзэн ядалтыг үлдээж улам муутгадаг гэдгийг хүмүүс үргэлж ойлгоод байдаггүй. Дайнаар бүгд хэн нэгнээ алдагсад болдог ялагчид ч мөн адил.

Бид Тэнгэрбурханд хандан дэлхийд энх тайванг хайрлаач хэмээн залбирсан. Энх тайвны төлөө тууштай залбирах хэрэгтэйг мэддэг. Учир нь залбирал дэлхийг хамгаалж түүнийг гэрэл гэгээтэй байлгадаг. Энх тайван бол Тэнгэрбурханы нэр. Хэн алан хядлага, хүчирхийлэл, дайныг зөвтгөхөөр Тэнгэрбурханы нэрийг дуудна тэр Түүний замаар алхахгүй. Шашны нэрээрх дайн тухайн шашин өөртэйгээ хийж буй дайн болон хувирдаг. Хүчирхийлэл, алан хядлага шашны үнэн санааны эсрэг байдгийг зормигоор ахин дуугарцгаая. Бид ядуус, хүүхдүүд, залуу үе, эмэгтэйчүүд болон дайнаас улбаалан зовж байгаа олон ах дүүсийнхээ дуу хоолойг сонссон. Тэдэнтэй хамт зоригтойгоор: Дайнд үгүй! гэж хэлье. Гэм зэмгүй олон хүмүүсийн зовлон шаналлын хашгираанд дүлий хэвээр бүү үлд.

Үндэстнүүдийн удирдагчдад дайны шалтгаанууд болох эрх мэдэл, мөнгөний төлөөх шунал, цэрэг армийг наймаалж байгаа нэгний хомхой сэтгэл, хувийн ашиг сонирхол, өнгөрсөнд санасан өс хонзонг намжаана уу хэмээн уриалъя. Ядуурал, шударга бус, тэгш бус байдал, мөлжлөг болон хүний амьдралд гарах жигшил зэвүүцэл гэх зөрчилдөөний гол шалтгаануудыг арилгахаар хийж буй бодит ажил хэргээ ихэсгэнэ үү.

Эцэст нь даяарчлагдсан дэлхий нь ард түмнүүдээс бүрдсэн нэгэн гэр бүл болох шинэ цаг үе нээгдэх болтугай. Хувь хүмүүсийнхээ болон ард түмнүүдийхээ жинхэнэ хэрэгцээ шаардлаганд анхаарал үзүүлдэг, хамтран ажиллах замаар зөрчилдөөнөөс урьдчилан, уулзалт ба яриа хэлэлцээрийн замаар үзэн ядалтыг ялж саад бэрхшээлийг даван туулдаг жинхэнэ энх тайвныг бүтээн байгуулах хариуцлагатай байдал хэрэгжиж байгаасай.

Үр дүнт яриа хэлэлцээрийг хийснээрээ юуг ч алдахгүй. Хэрэв бид залбирлаар Тэнгэрбурханд хандвал боломжгүй зүйл гэж үгүй юм. Бүх хүмүүс энх тайвны уран дархчууд байж чадна. Тэнгэрбурханы тусламжтайгаар, сайхан сэтгэлт бүх хүмүүсийн хамт тийнхүү уран дархчууд байх үүргээ Ассиси хотоос итгэлтэйгээр шинэчлэцгээе.

cq5dam-web-800-800-1-copy cq5dam-web-800-800-2-copy cq5dam-web-800-800-3-copy cq5dam-web-800-800-4-copy cq5dam-web-800-800-5-copy cq5dam-web-800-800-6 cq5dam-web-800-800-7-copy cq5dam-web-800-800-9-copy cq5dam-web-800-800-10 cq5dam-web-800-800-11 cq5dam-web-800-800-12 cq5dam-web-800-800-13 cq5dam-web-800-800-14-copy cq5dam-web-800-800-14 cq5dam-web-800-800-15-copy cq5dam-web-800-800-16-copy cq5dam-web-800-800-17-copy cq5dam-web-800-800-18 cq5dam-web-800-800-19-copy cq5dam-web-800-800-20 cq5dam-web-800-800-21 cq5dam-web-800-800-22 cq5dam-web-800-800