Ахлах хамба лам Томас Менампарампил семинар өглөө

3Зүүн хойд Энэтхэгийн үндэстэн ястнуудын дунд энх тайвныг авчирсан гэдгээрээ 2011 онд Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж байсан ахлах хамба лам Томас Менампарампил нь фр.Эрнэстогийн нөхөрсөг урилгаар Монголд хүрэлцэн ирж шашин дэлгэрүүлэгч нарт “Ази дахь сахилт амьдралын талаарх ойлголт” сэдвээр 11 сарын 3-4 хооронд хоёр өдрийн турш семинар өгөөд өнөөдөр буюу 11 сарын 5-нд буцлаа. Семинарыг Апостолик захиргааны Боловсрол, Соёлын хорооноос зохион байгуулсан бөгөөд олон улсад танигдсан энэ хүнтэй уулзаж, түүний яриаг сонсох ховор боломж ийнхүү манай шашин дэлгэрүүлэгч нарт олдсон юм.

Тэрээр хүмүүст эгэл даруухнаар амьдарч хүмүүсийн соёл уламжлал, итгэл үнэмшлийг хүндлэн харьцаж Тэнгэрбурханы хурга адил номхон хүлцэнгүй байх хэрэгтэй. Сайн Мэдээ тунхаглана гэдэг бол тухайн соёл уламжлалынх нь хамгийн сайхан үнэ цэнүүдийг дээшлүүлэх гэсэн үг юм. Хүн бүр өөрийн шашинаа гүн гүнзгий мэдэж байвал хүмүүсийн хооронд дайсагнал, гадуурхалт, үл ойлголцол гарахгүй байх болно хэмээн захиж байсан юм. 2

Өдгөө 79 насыг зооглож байгаа тэрээр тун чиг ануухан, ой ухаан саруулаас гадна маш энгийн даруу нэгэн болохыг семинарт ирсэн хүн бүр харсан. Тиймээс ч тэтгэврийн насыг нь үл харгалзан түүнд Энэтхэгийн Жовай хэмээх газрын ахлах хамба ламын албыг түр хугацаагаар хариуцуулсан байх. Манай хамба лам Вэнсэслао түүнтэй хурал зөвөлгөөн дээр олон удаа уулзаж ярилцаж байсан эртний танилууд бөгөөд тэрээр семинарын төгсгөлд хийсэн талархал магтаалын Мөргөлийг дуусгаад түүнд монгол загварын цамц, ноолууран ороолтыг бэлэглэн нийт шашин дэлгэрүүлэгч нарын өмнөөс болон өөрийнхөө зүгээс талархаж буйгаа илэрхийлсэн юм. Хэдийгээр цөөн хоног Монголд байсан ч энгийн даруу байдал, ухаалаг үгсээрээ тэрээр өөртэй нь уулзсан хүн бүрт гүн сэтгэгдэл үлдээгээд буцсан юм. Өөрийн туршлагаасаа хуваалцахаар хол гэлтгүй Монголыг зорин ирсэн ахлах хамба лам Томас Менампарампил танд урт удаан, эрүүл энх амьдралыг хүсэн ерөөе!