1054 оноос хойш хүлээсэн уулзалт

Францис Пап лам болон Оросын Ортодоксын тэргүүн Кирил

2016 оны 2 сарын 12 өдөр Кубын Гаванагийн “Хосе Марти” онгоцны буудлын тусгай танхимд католик Шашны тэргүүн Францис болон Оросын Ортодоксын тэргүүн Кирил нар уулзаж түүхэнд тэмдэглэгдэх онцгой үйл явдал болсон билээ.  1054 онд Христийн Чуулганыг католик ба ортодокс хэмээн хуваасан их хагарлаас хойш ийнхүү Ромын католик Шашин болон Оросын Ортодоксын тэргүүн нар уулзаж байгаа нь анхных юм. Ромын ба Москвагийн хамба лам /патриарх/ нар хоёул бие биенээ инээмсэглэн угтаж халуун дотноор мэндчилж байгааг уулзалтын бичлэгээс тод харж болно. Уулзалтын үеэр Францис Пап хэлэхдээ «Анд нөхөр минь ингэж уулзаж байгаа нь Тэнгэрбурханы таалал юм» гэсэн байна. Харин Москвагийн хамба лам Кирил «Бидний бэрхшээлүүд хараахан тэгшрээгүй байгаа ч бие биентэйгээ уулзах боломж байгаа нь сайхан байна» хэмээн хариулжээ. Өмнөх Пап II Иохан Паул гэгээнтэн эртнээс Москвад айлчлах хүсэлтэй байсан боловч улс төрийн нөхцөл байдлын улмаас хойшилсоор байж.

Уулзалт хоёр цаг үргэлжилсэн бөгөөд уулзалтын танхимд хоёр орчуулагчаас гадна Христийн сүмүүдийн Нэгдлийн төлөөх Папын зөвлөлийн тэргүүн кардинал Курт Коч болон Кириллийн дотны хамтрагч ортодокс метрополитан/хамба лам Хиларион нар байсан юм. Үүний дараагаар хоёр тэргүүн харилцан бэлэг солилцож хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурж олон нийтэд богино мэдэгдлийг хийцгээсэн. Хамтарсан тунхаг бичигт Ойрх Дорнод, Украйн болон гэр бүлийн талаарх асуудлуудыг онцлон авч үзсэн байна. 

Мөн Францис Пап энэ бүх уулзалтыг зохион байгуулж өөрийг нь онгоцны буудалд тосон авсан Кубын ерөнхийлөгч Рауль Кастротай тусгайлан уулзаж мөн түүнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Өмнөх есдүгээр сард Пап Куб улсад айлчлахдаа түүнд уулзалтын талаар ярьж байсан гэдгээ ч мөн энэ уулзалтын үеэр дурьдсан байна.

Нийтдээ гурван цаг гаран үргэлжилсэн энэ бүх үйл ажиллагааны дараа Францис Пап лам 2 сарын 18-ныг хүртэл үргэлжлэх Мексикт хийх элчийн айчлалынхаа замд гарч харин Оросын Ортодоксын тэргүүн Кирилл Куб улсад хийж буй айлчлалаа үргэлжлүүлжээ.

Экүмэникал хамба лам Костантинополигийн Бартоломео

Пап нисэх онгоцонд явах зуураа өөрийн твиттертэй «Өнөөдөр хишиг ивээлийн өдөр байлаа. Патриарх Кириллтэй уулзсан нь Тэнгэрбурханы бэлэг юм. Бидний төлөө залбирч өгнө үү» гэсэн жиргээ нь Францис Папыг Турк улсад айлчилж байхад түүнтэй маш нөхөрсөг уулзалтыг хийж байсан бас нэгэн томоохон ортодокс тэргүүн, экүмэникал хамба лам Костантинополигийн Бартоломеогийн сэтгэлийг мөн хөдөлгөн тэрээр «Христ доторх ахан дүүс болох Францис Пап болон Патриарх Кирилл нарынхаа төлөө залбирч байна. Атенагора болон VI Паул нарын 1964 онд эхлүүлсэн уулзалт ярилцлага нь үр жимсээ үргэлжлүүлэн өгсөөр байгаад би баяртай байна» хэмээн хариу жиргэжээ.

1964 оны 1 сарын 5-нд болсон маш чухал ач холбогдолтой түүхэн үйл явдал болсон нь грек-ортодоскын патриарх I Атенагора болон VI Паул Пап нарын Иерусалимд хийсэн уулзалт юм. Тэдний хийсэн эвлэрлийн тунхаг бичиг нь 1054 оны хагарлаас хойш хоёр сүмийн хамтын анхны албан ёсны үйлдэл байсан юм.

I Атенагора болон VI Паул Пап

Хавчлаганд байгаа Христийн сүсэгтнүүдийн төлөө ийнхүү Христийн сүмүүдийн тэргүүнүүд эв нэгдэлтэй байж хамтран ажиллах нь нэн тэргүүний зүйл болоод байгаа билээ. Харин энэхүү уулзалт үүний бодит жишээ байж болох юм.

 

Leave a Reply